Өнгөрсөн пүрэв гаригт АТГ-ынхан МХЕГ-ын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Б.Аззаяа, Хэлтсийн дарга Т.Баярсайхан нарыг бусдаас хахууль авсан үйлдэл дээр нь саатуулсан талаар бид мэдээлсэн. МХЕГ-ын баттай эх сурвалжаас авсан мэдээллээр Т.Баярсайхан нь бусдаас хахуульд 30 сая төгрөгтэй тэнцэх валют авч байсан аж.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн тэр шөнөдөө дээрх хоёр сэжигтний албан өрөө, гэрт нь нэгжлэг хийж, Б.Аззаяагийн гэрээс хахуульд авсан байж болзошгүй 60, Т.Баярсайханыхаас 400 сая төгрөг бэлнээр хураан авсан байна.
Дээрх хоёр хүнээс гадна тус газрын 10-аад байцаагчийг АТГ-т байцааж эхэлсэн аж. Тэд хилээр гаргахыг хориглосон хушны самар, дэрвэгэр жиргэрүү гэх мэт байгалийн дагалт баялгийг хил давуулах зөвшөөрөл өгөхийн тулд их хэмжээний хахууль удаа дараа авч байсан бололтой.
Тэд ямар нэгэн хувийн бизнес хийдэггүй, мэргэжлийн хяналтын байцаагчийн цалингаас өөр ямар нэг орлогын эх үүсвэргүй мөртлөө гэртээ ийм их хэмжээний бэлэн мөнгө хадгалж байснаа АТГ-ын байцаагч нарт тайлбарлаж чадахгүй байгаа гэх мэдээлэл байна.
Тиймээс АТГ-аас Б.Аззаяа болон Т.Баярсайхан нарын хариуцан шалгаж байсан салбар, гаргаж байсан тушаал шийдвэр харилцагч компаниудын талаарх мэдээлэл, хилээр оруулж ирсэн бараа бүтээгдэхүүний баримт зэргийг бүгдийг нь хуулбарлан авч шалгалтын ажиллагаандаа ашиглаж буй юм байна.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны үеэр эдгээр албан тушаалтнууд нэгэн компаниар байнга үнэ төлбөргүй үйлчлүүлдэг болох нь тогтоогдсон гэх мэдээлэл байна. Гэхдээ ямар компани болох нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Бид МХЕГ-аас эдгээр ажилчидтай нь холбоотой асуудлаар тодорхой мэдээлэл авахыг хүссэн ч “Хууль хяналтын байгууллагаас албан ёсны шалгалтын хариу өгтөл бид ямар ч мэдээлэл өгөхгүй” гэлээ.
-ОРЛОГО ТӨВЛӨРҮҮЛЭХ ГЭРЭЭНИЙ ХҮРЭЭНД БАЙЦААГЧДАДАА МӨНГӨН ДҮН ХУВААРИЛДАГ БАЙЖЭЭ-
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор АТГ-ын ажлын хэсэг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2015-2017 онд авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил байдалтай танилцсан дүнгээ мэргэжлийн хяналтын салбарын удирдах албан тушаалтнуудыг оролцуулан өнгөрсөн сарын 17-нд хэлэлцүүлсэн. Энэ үеэр МХЕГ-ын дарга гурван жилийн хугацаанд дөрвөн удаа солигдсон нь байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгааг анхааруулсан.
Түүнчлэн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т “Мэргэжлийн хяналтын байгууллага улсын төсөвт орлого оруулах чиг үүргийг хүлээхгүй” гэж заасан байхад нийслэлийн төсөвт орлого төвлөрүүлэх үүрэг бүхий Үр дүнгийн гэрээг байцаагчидтайгаа байгуулсан байжээ.
Улмаар гэрээнийхээ үүргийг биелүүлэхийн тулд мөнгөн дүнг байцаагч нартаа хуваарилах, тэднээр орлого бүрдүүлэх ажил хийлгэх нөхцөл байдалд оруулсан байна. Үүний үр дүнд урьдчилан сэргийлэх заавар зөвлөгөө өгч ажиллах ёстой байцаагчид эсрэгээрээ хяналт шалгалт, торгуулийн аргыг түлхүү хэрэглэж, мөнгө олж төлөвлөгөөгөө биелүүлдэг зөрчил илэрсэн юм. Энэ нь төрийн хяналт шалгалтыг урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх зарчимд нийцэхгүй нөхцөл байдлыг бий болгосон гэж Ажлын хэсгээс дүгнэсэн билээ.
Түүнчлэн байгууллагын үйл ажиллагаа, албан хаагчидтай холбоотой өргөдөл, гомдлын ихэнх хувийг орон нутгийн салбарын дарга, байцаагч нарын ёс зүйн доголдолтой холбоотой гаргасан өргөдөл, гомдол зонхилдог ч тэдгээрийг тогтоон шийдвэрлэж арга хэмжээ авдаггүйг нь АТГ-аас тогтоосон.
Хяналт шалгалт хэрэгжүүлдэг байгууллагын хувьд авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх нэг гол арга хэрэгсэл нь дотоод хяналт шалгалтын механизмын үйл ажиллагаа байтал ирсэн өргөдөл, гомдол мэдээллийг хуулийн хугацаанд шийдвэрлэх хүсэл сонирхолгүй байгааг нь анхааруулж, алба хаагчдаа чадавхижуулахыг анхааруулж “донгодсон”.
Гэтэл хоёр сар ч хүрээгүй байхад тус газрын байцаагчид ийн ажлын байрандаа авлига авч, тэр ч бүү хэл хэдэн зуун саяар нь гэртээ мөнгө нуусан байгаад баригдав. МХЕГ байцаагчдадаа хэр хяналт тавьж ажилладаг нь эндээс харагдаж буй биз. АТГ-аас эдгээр байцаагчидтай холбоотой авлигын хэргийн шалгалтын дүнг удахгүй олон нийтэд мэдээлэх биз ээ.
No Comments