Aрд түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай 2002 оны сүүлчээр гишүүн байх үедээ нэгэн дуулиан тарьсан нь тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг гадаадын тагнуулын байгууллагатай холбоотой гэсэн мэдээлэл байлаа.
“Хятадын соёлын төв хэмээх байгууллагын гишүүн Ц.Нямдорж Монголд тагнуул хийдэг” гэсэн яриаг “Тагнуулын ерөнхий газрын дарга, генерал Ж.Баатар ярьсан” хэмээх цуурхлыг Л.Гүндалай тараасан байдаг.
Тухайн үед улс орны аюулгүй байдалд хүрэхүйц хэмжээнд яригдсан уг асуудлыг шүүх хяналтын байгууллага эцэслэн шийдээгүй байхад генерал Ж.Баатар ор сураггүй болсон нь түүн рүү чиглэх хардлагыг улам гүнзгийрүүлэв.
Тэрбээр “Намайгаа уучлаарай. Би аюулгүй байдлыг сахих үүднээс алс хол явахаар шийдэв. Энэ тухайгаа чамд болон үр хүүхдэдээ хэлэхэд хүнд байсан учраас зурвас бичиж үлдээлээ. Үнэн ялахад, бүх зүйл тодорхой болно. Гэртээ байхад миний аюулгүй байдалд ноцтой гэдгийг зөн совингоороо мэдэрч байна. Хэрвээ надад муу зүйл тохиолдвол Тагнуулын ерөнхий газрын одоогийн удирдлагад шууд хамааралтай” гэж бичээд үлдээжээ.
Олон явдлын учир зангилааг тайлж өгөлгүй алга болсон эрхэм генералыг хайж олох ажилд хэвлэл мэдээллийнхэн нэлээд шургуу ажилласан гэдэг.
Ж.Баатар генерал гурван сар нуугдаад экс Ерөнхийлөгч П.Очирбатын хүргэний гэрээс баригдсан юм. Хоёр жил гаруйн хугацаанд олон нийтийн дунд таамаг төдий байсан дээрх хэргийн яллагдагчаар Ж.Баатарыг татаж, Сүхбаатар дүүргийн шүүх 2004 онд түүнд улсын нууц задруулсан гэх үндэслэлээр долоон жилийн хорих ял ногдуулав.
Ж.Баатар чухам хэний нууцыг хэнд задруулсан, тэр нь юуны тухай байсан гэдэг нь одоо ч оньсого хэвээр үлджээ.
Тэрбээр шүүхээс оногдсон ялынхаа гурван жилийг биеээр эдэлж 2007 онд өршөөлийн хуулиар суллагдсан байдаг. Суллагдсаныхаа дараа ч гэртээ нам гүмхэн байх болсон түүнийг сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Цензургүй яриа” ярилцлагын нэвтрүүлэгтээ урьсан байна.
Л.Мөнхбаясгалан энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Цензургүй ярианд хошууч генерал Ж.Баатарыг урилаа... Энэ эрхэмтэй ярилцлага хийхсэн гэж би 13 жил хөөцөлдсөн. Энэ хүн тэр завсар улсын нууц задруулсан хэргээс 7 жилийн хорих ял аваад 3 жилийг нь шоронд өнгөрүүлсэн. Шоронгоос 2007 онд гарснаас нь хойш би ярицлага авах гэж бүтэн 10 жил гуйсан.. Одоо л урилгыг минь хүлээн авч ярилцахыг зөвшөөрлөө. Мэргэжлийн тагнуулч, ТЕГ -ын даргаар 1990-1993 он хүртэл ажилласан, Монголын тагнуулын албаны амьд архив Ж.Баатар генералтай ярилцах болсондоо сэтгэл ихэд хөдлөж байна. Генерал гэнэт аймшигтай гэрээслэл бичиж үлдээчихээд алга болчихож билээ. Улс даяар дэлхий даяар энэ хүнийг эрэн сурвалжилж эцэст нь баривчилж бөөн сүр дуулиан болж байхад сэтгүүлч би араас нь давхиж л явлаа.. . За ингээд нэвтрүүлэг маань 4 дүгээр сарын 17-ны даваа гаригийн 21.00 цагт зөвхөн С1 ТВ гээр шууд дамжуулна...Энэ бол миний хувьд мөрөөдлийн минь ярилцлага байх болно. Учир нь Монголын 1990-2004 оны тагнуул хийгээд улстөрийн амьдрал далд болгоныг энэ хүн л мэднэ” хэмээн бичжээ.
Генерал Ж.Баатар энэ олон жилийн дараа чухам юуны тухай ярихаар зориглон гарч ирсэн нь олон нийтийн сонирхлыг нэлээд татах нь дамжиггүй юм.
No Comments