2017/06/13

thumbnail

Замын цагдаа хар тамхины борлуулагч байсан уу?


Цагдаа хүн. хар тамхи хэрэглэсэн хэрэгт холбогдсон талаар мэдээлэл байна. Тодруулбал,  Хан-Уул дүүрэг /ХУД/-ийн Замын цагдаагийн тасгийн албан хаагч Б нь хар тамхи хэрэглэж байхдаа Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн албан хаагчдад өнгөрсөн сарын 30-ны өдөр баригдсан байна. Б-г мансууруулах бодис хэрэглэн хууль зөрчсөн учраас  ажлаас нь түр чөлөөлөн 461 дүгээр ангид цагдан хорин, Улсын мөрдөн байцаах газраас эрүү үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлжээ. Мөн Сэжигтэн түүнийг баригдах үедээ хар тамхи хэрэглэсэн байсныг шинжилгээгээр баталгаажуулсан байна.
Хэргийг тодруулбал, Сэжигтэн Б нь хуучнаар ХУД-ийн 19 дүгээр төвийн үйлчилгээний төвд байрлаж байсан “Бриллиант” шөнийн клубын орчимд “41..” улсын дугаартай цагаан өнгийн автомашинаас хар тамхи хэрэглэсэн гарч ирсэн байна. Хэргийн газарт үзлэг хийхэд сэжигтэн Б-ээс 0.5 грамм айс буюу метафетамин гэх мансууруулах бодис илэрсэн аж.
Б гэгч нь Хууль сахиулах их сургуулийн ахлагчийн курсийг өнгөрсөн онд төгсөж, ХУД-ийн Замын цагдаагийн тасагт өнгөрөгч арванхоёрдугаар сард хуваарилагдан ажиллажээ. Түүнийг Замын цагдаагийн алба албан хаагчийг шалгаруулж ажилд авах журмынхаа дагуу, тавигдах шалгууруудыг тавьж, тэнцсэнээр ажилд авсан байна. Гэхдээ Б нь ажилд ороод зургаан сар болсон хэдий ч, цагдаагийн жинхэнэ албан хаагчийн тушаал нь гараагүй байсан тухай эх сурвалж мэдээллээ. Одоогоор хэргийн талаар болоод сэжигтэн Б-гийн тухай Цагдаагийн ерөнхий газраас албан тайлбар хийгээгүй байна.
Зарим эх сурвалж сэжигтэн Б гэгч нь хар тамхины хэрэглэгч төдийгүй хар тамхи, мансууруулах бодис худалдан борлуулдаг, түгээгч байсан тухай мэдээлэв. Мөн түүнийг өөрийгөө цагдаа хэмээн хар тамхины хэрэглэгчдэд танилцуулж, тэднийг сүрдүүлэн хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг зарим үед үнэгүй авч байсан тухай онцолсон юм. Энэ талаарх мэдээллийг тухай бүрт нь хүргэнэ.
С.Баяр
Эх сурвалж: ZINDAA.MN

No Comments